Thursday, April 10, 2008

Ирээдүй бичигдсэн байдаг гэх юм -2

Тэгвэл ирээдүйг хэрхэн тольдох вэ? Тэр бичигдсэн байдаг гэж үү?
Эхлээд өнгөрсний тухай авч үзье. Ерөнхий мэдлэг, мэдээллийн ертөнц буюу оюун санааны ертөнц рүү "антени" маань бидний зөвшөөрлийг авалгүй амьдралын маань эгшин бүрийг тэр ч бүү хэл зурсхийн өнгөрсөн бодол санааг минь хүртэл дамжуулж байдаг гэнэ. Ө.х дамжуулагч антенийн маань Upload буюу илгээх хэсэг нь анхнаасаа бүрэн ажиллагаатай байдаг ба бидний амьдралын эгшин бүрийг тэрхүү "бурхны санах ой"-д бичиж байдаг байна. Харин Download буюу тэндээс мэдээлэл татаж авах хэсэг нь хаалттай . Ямар шударга бус юм бэ !. Гэвч энэхүү "дутагдал"-аа засах боломж бидний дотор бий. Ингэж чадсан нэг нь ерөнхий мэдлэгийн ертөнцөд нэвтэрч өнгөрснийг алган дээрээ тавьсан мэт уншина.

Тэгвэл ирээдүйг яаж унших вэ. Тэр тухай мэдээлэл энэхүү ертөнцөд байдаг гэж үү.

Тийм л гэж бодохоос өөр арга алга. Тиймгүйсэн бол энэ зөнчид хаанаас тэр мэдээллийг олж авсан байхав. Хөгжлийн тухай онолоор аливаа хөгжил пүрш лугаа адил ороомог хэлбэрээр дүрслэгддэг байна. Нарийн ярьвал ДНК-ийн бүтэц шиг хэлбэртэй. Тодорхой төлөв байдал үргэлж давтагдаж байх боловч тэр нь өмнөх цэг дээрээ биш нэг төвшин ахисан дээд цэг дээр байх жишээтэй. Амьдрал гэдэг маань тэр чигээрээ эцэс төгсгөлгүй хөгжил шүү дээ. Амьдрал=Хөгжил. Энэ томъёотой маргах хүн байна уу. Нэгэнт тэр хөгжил юм бол хөгжлийн төлөв байдалдаа захирагдана. Үүнээс ямар дүгнэлт гарах вэ гэхээр амьдрал гэдэг эмх замбараагүй үзэгдэл биш тодорхой зүй тогтол агуулсан хувьсал гэж үзэж болно. Эндээс нэгэнт тэр тодорхой зүй тогтолтой юм бол түүнийг загварчлан эмх замбараатайгаар удирдаж болно гэсэн мөрдлөгөө шууд гарна. Үүнийг мэдээж бид биш биднийг бүтээгч ертөнцийнхэн хийж байгаа. Тэдэнд ийм боломж байгаа гэдэг нь энгийн логикоор харагдаж байна шүү дээ.

Үүгээр хүмүүн төрөлхтөн бидний амьдрал үнэн чанартаа тодорхой удирдлагатай процесс гэсэн ойлголт үүсэх аж.

Үүүнийг л хүлээн зөвшөөрөх ахул ирээдүйг тольдон үзүүлэгч бивэнгарьдийн учир шалтгаан тодорно.

Биднийг бүтээгч, залан чиглүүлэгч тэр ертөнц бидний амьдралыг урьдчилан "програмчилсан" байдаг ба энэ нь ерөнхий мэдлэгийн орон зайд оршиж хувь заяаны төөрөг, бурхны зурсан зураг гэсэн "ойлголт"-ийг төрүүлнэ. Гэхдээ энэ "алгоритм" нь шугаман бус алхам тутамдаа IF.....THEN .... ELSE .... гэсэн логик холбоостой учир хүмүүс бидэнд үргэлж сонголтийг өгч байдаг. Энэ сонголт бидэнд хувь тавилангаа өөрчлөх боломж олгоно. Хувь хүний энэ "жижиг" алгоритм хүн төрөлхтөн бидний "томхон" алгоритмийн нэг хэсэг болно. Хоорондоо дээрх сонголтын нөхцлөөр холбоотой. Цааш энэхүү "томхон" алгоритм нь Орчлон ертөнцийн "том" алгоритмийн нэг хэсэг гэж төсөөлж болно. Үүнээс цаашаа бол бүү мэд ээ.
Гэхдээ энэ эцэс төгсгөлгүй эмх замбараагүй юм шиг байдал эцэстээ эмх цэгцийг агуулна. Тодорхой жишээ бидний амьдралд бий. Усны молекуль маш чөлөөтэй ямар ч эмх замбараагүй үсчиж байдаг боловч аяганд хийсэн ус халгиж цалгиад хөдлөөд байдаггүй шүү дээ. Усны молекулийг бид эмх цэгцтэй жагсааж чадахгүй ч усыг бид ямар л бол ямар хэлбэрт оруулж чадна. Бидний ирээдүй чухамхүү энэ л зарчмаар бичигддэг байх. Ө.х эмх замбараагүйгээс бүтэх эмх замбарааг удирдах маягаар.

Ингээд бодохоор "тэд" ирээдүйг төлөвлөн програмчилж болох бөгөөд ерөнхий мэдлэгийн орон зайд нэвтрэгчид чухамхүү үүнийг л уншиж бидэнд хэлж өгдөг ажээ.

Wednesday, April 9, 2008

Хөөрхөн үлгэр

Нэгэн арал дээр уйтгар гуниг, баяр баясгалан, атаархал, хайр гээд хүний зан чанарууд аж төрдөг байжээ. Гэтэл нэгэн өдөр арал шатаж тэд бүгд амь амиа бодон арлаас зугатацгааж гэнэ. Харамсалтай нь хөөрхий хайр сэтгэлд л завь олдсонгүй. Хайр усанд живэх шахан сэлж явахдаа уйтгар гунигтай таарч түүнээс завиндаа суулгахыг гуйсан ч гуниг би гунигтай байгаа болохоор ганцаараа баймаар байна гэжээ. Баяр баясгалан- Чи миний баяр жаргалтай мөчийг үгүй хийчихнэ гээд бас л авсангүй. Атаархал - Хайр сэтгэлд хүмүүс тэмүүлдэгт нь үргэлж атаархдаг байсан тул мөн л авахаас татгалзав. Харин нэгэн өвгөн түүнийг завиндаа суулган эрэгт хүргэж өгч гэнэ. Хайр түүнд талархаад хэн гэдгийг нь асуувал "цаг хугацаа" гэж хариулжээ. Зөвхөн цаг хугацаа л хайр ямар агуу болохыг мэддэг аж !.

Monday, April 7, 2008

Ирээдүй бичигдсэн байдаг гэх юм

Үнэн болов уу. Яаж амьдраад, хаагуур хаагуур манаргаж, хаана яаж мажийх маань биднийг төрөхөөс өмнө шийдэгдчихсэн байдаг гэж үү. Тийм бол аймаар л юм. Зурсан зураг, хувь тавилан, заяа төөргийг чинь үзээд хараад, хэлээд өгье гэсэн "сервис"-үүд энд тэндгүй. Үнэн худлыг нь мэдэхгүй ч хэлсэн ярьсан нь яг таг таарсан тухай ярихыг бид хангалттай сонсдог. Хамгийн алдартай зөгнөгчид болох Нострадам, Ванга нарын бичиж, зөгнөж үлдээсэн нь бараг 100 хувь таарч байгааг баримттай нь уншаад гайхахаас өөр хэлэх үг олдохгүй юм.
Энэ бүхэн юу вэ?
Үнэхээр оюун санааны буюу сүнсний ертөнц оршин тогтноод тэр нь материаллаг ертөнцдөө нөлөөлж түүнийгээ залж удирдаж байдаг гэдэг нь үнэн гэж үү. Тэр ертөнцөд хэн нэг "нөхөр" ирээдүйг програмчлаад сууж байдаг юм уу. Үгүй бол дээрх нөхдүүд хаанаас тийм "нарийн" мэдээллийг олж уншина вэ.

Онолын тайлбар

Ерэн хэдэн онд юмуу да. Орчин үеийн шинжлэх ухааны бүх салбарын хамгийн шилдэг гэсэн эрдэмтэд чуулсан байх юм. Ганцхан асуултанд хариулт өгөх зорилготой. Орчлон ертөнц юунаас бүтдэг юм бэ? гэж. Маргаж маргаж эцсийн дүндээ нэгэн зүйл дээр санал нэгдэн тогтсон байх юм. Энэ нь юу вэ гэхээр энэ орчлон 3 зүйлээс бүтэж байна аа. Үүнд:

1. Махбодь
2. Эрчим хүч
3. Онч дохио

Эхний 2 бол ойлгомжтой. Орчин үеийн шинжлэх ухаанд тодорхой болсон зүйл. Орчлон ертөнц нь махбодиос /Менделеевийн үелэх систем дэх элементүүд/ бүтэх бөгөөд түүнийг хөдөлгөөнд оруулагч эрчим хүчтэй байна. Ертөнцийг бүрдүүлэгч эгэл хэсэг атомын бүтцээс маш тодорхой харж болно. Харин 3 дахь нь юу вэ? Онч дохионы ертөнц гэдэг ийм юм байдаг энэ байна гээд харуулах шууд баримт мэдээж байхгүй. Гэвч шууд бус дам баримтууд үй түмээрээ байдаг байна. Тодорхой жишээг нь хэлье л дэ. Хүн !!! Хүн яаж бий болдог вэ. Эр эм 2 эс нийлж нэгэн цул эсийг үүсгэдэг. Цаашаа процесс маш энгийн. Зөвхөн эс хуваагдан үржих зарчмаар л явна. Анхны нэг эс хоёр болж хуваагдаад 2 нь цаашаа 4, 4 нь 8 гэх мэтчилэн хуваагдан үржсээр эцэстэй хүн хэмээх төгс амьтаныг үүсгэдэг байна. Гэхдээ энэ хуваагдах процесс маш нарийн дэс дараатай яг л нэг "нөхөр" удирдаад байгаа юм шиг эмх цэгцтэй, алдаа мадаггүй явагддаг гэнэ. Тэгвэл тэр эсэд аль чиглэлд яаж хуваагдахыг "хэн" зааж өгөөд байна. Эсийн бүтэц ДНК-д энэ мэдээлэл хадгалагддаг гэж таамаглаж байгаа ч тэгвэл тэр мэдээллийг "хэн" түүнд өгдөг байхав? Үүнийг орчин үеийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй. Учир нь орчин үеийн шинжлэх ухаан зөвхөн нүдэнд харагдаж, гарт баригдах баримт нотолгоог л үндэс болгодог. Гэтэл мэдээллийг өгөөд байгаа "хэн" гуайг энэ байна гээд үзүүлэх бодит баримт хэзээ ч олдохгүй. Учир нь бидний амьдарч буй материаллаг ертөнцөд тэр нь байхгүй шүү дээ. Бодоод үз л дэ бид оюун ухаант хүмүүс гэж өөрсдийгөө ярьдаг. Оюун ухаантай гэдгээ мэддэг. Тэгвэл тэр оюун ухаан чинь энэ байна аа гээд харуулах юм байна уу. Ер нь байж болох уу?
Харин энэ мэт шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй байгаа асуудлыг шашны үүднээс тун энгийнээр тайлбарладаг. Ингээд бодохоор орчлон ертөнцийн мөн чанарыг танин мэдэхдээ шинжлэх ухаан махбодь, эрчим хүч гэсэн эхний хоёр харектеристикийг үндэс болгодог бөгөөд шашин гурав дахийг буюу оюун санаа, сүнс гэсэн ойлголтыг тулгуур болгодог байна. Угаасаа 3-н характеристикаар тодорхойлогдох ёстой юмыг хоёр юмуу нэгээр нь тодорхойлох гэж оролдох нь утгагүй шүү дээ. Үлгэрлэвээс хайрцагны эзэлхүүнийг олох гэхдээ урт, өргөнийг нь хэмжчихээд өндрийг нь тооцохгүй толгойгоо гашилгаж суугаатай ялгаа юун. Иймээс л шинжлэх ухаан хөгжихийн хирээр маш олон чиглэлд мухардмал байдалд орж шашин хөгжихийн хирээр материаллаг ертөнцөөс тасарч "үлгэр" шинжийг олжээ.
Энэ байдлыг олж харсан бидний үеийн эрдэмтэн мэргэд маань шинжлэх ухааныг мухардмал байдлаас гаргахын тулд гуравдагч харатеристикийг оруулж ирэх нь зөв хэмээн үзэж орчлон ертөнцийн эмх замбарааг хадгалан чиглүүлэгч онч дохионы ертөнц оршин байна гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Иймээс сүүлийн үед сүнс судлал, хий ертөнц буюу нарийн энерги судлал, оюун судлалын салбаруудыг эрчимтэй хөгжүүлж байна.

За үндсэн сэдвээсээ жаахан хазайчихлаа. Хэлэх гэсэн гол санаа бол онч дохионы ертөнц буюу оюун санаа, сүнсний ертөнц оршин тогнож байна аа гэдэгт бид эргэлзээд байх шаардлагагүй болжээ. Энэ ертөнцийг бид олж харахгүй ч гэсэн төсөөлж, дотоод сэтгэлдээ мэдэрч чадна. Учир нь энэ ертөнцөөс мэдээлэл хүлээн авагч "антени" буюу зөн билгийн мэдрэхүй /6 дахь мэдрэхүй/ бид бүгдэд бий. Харамсалтай нь энэ мэдрэхүйг бид "унтаа" хэлбэрт нь байлгасаар насыг элээдэг. Шашны ном судруудад чухам энэ л мэдрэхүйг сэрээж "албадан" ажиллагаанд оруулахыг сургадаг бөгөөд ингэж сэрээх тодорхой дасгал бүхэл бүтэн систем бий. Гэхдээ энэ "антени" тийм ч амархан ажиллагаанд ордоггүй бөгөөд бие сэтгэхүйн маш их тэвчээр, зөв дасгал, уйгагүй оролдлогын эцэст ажиллаж эхэлдэг байна. Ингэж энэ "антени" -аа ажилд оруулсан хүнийг гэгээнтэн, хутагт хэмээмой.

Харин энэ мэдрэхүй нь цаанаасаа шууд ажиллагаатай өгөгдөх, золгүй тохиолдол буюу онцгой их сэтгэлийн хөөрөл эсвэл зүгээр байж байгаа л гэнэт ажиллагаанд орсон хүмүүс байх бөгөөд бид тэднийг далдыг харагчид гэж нэрлэнэ. Энэ "антени" нь хэр зэрэг ажиллагаатай гэдгээр эдгээр далдыг харагчид эрэмбэлэгдэх бөгөөд бүрэн ажиллагаанд орсон нь агуу зөнч, шидийг үзүүлэгч гэгээнтэн, хагас бурхан болон тодордог байна. Учир нь оюун санааны ертөнц гэдэг нь нарийн энергийн хэлбэрт орших орчлон ертөнцийн бүхий л үеийн мэдлэг, мэдээллийн агуу их сан хөмрөг юм. Энэ мэдээллийн ертөнцөд хүн төрөлхтөний үе үеийн туршид олж цуглуулсан бүх мэдлэг, мэдээлэл төдийгүй өөр бусад соёл иргэншлүүдийн шилдэг мэдлэгүүд ч бий. / Хязгааргүй энэ орчлонд хүмүүс бид л оюун ухаант амьтад, зөвхөн дэлхий дээр л соёл иргэншил бий гэж бодох нь инээдтэй шүү дээ/. Иймээс хүлээн авагч "антени" -нь бүрэн ажиллагаанд орсон хүн л энэ мэдээллийн далайгаас хүссэнээ уншиж ингэснээр бүхнийг мэдэгч төгс мэдлэгтэн, өнгөрсөн ба ирээдүйг нэвт тольдогч нэгэн болдог ажээ.