Thursday, April 10, 2008

Ирээдүй бичигдсэн байдаг гэх юм -2

Тэгвэл ирээдүйг хэрхэн тольдох вэ? Тэр бичигдсэн байдаг гэж үү?
Эхлээд өнгөрсний тухай авч үзье. Ерөнхий мэдлэг, мэдээллийн ертөнц буюу оюун санааны ертөнц рүү "антени" маань бидний зөвшөөрлийг авалгүй амьдралын маань эгшин бүрийг тэр ч бүү хэл зурсхийн өнгөрсөн бодол санааг минь хүртэл дамжуулж байдаг гэнэ. Ө.х дамжуулагч антенийн маань Upload буюу илгээх хэсэг нь анхнаасаа бүрэн ажиллагаатай байдаг ба бидний амьдралын эгшин бүрийг тэрхүү "бурхны санах ой"-д бичиж байдаг байна. Харин Download буюу тэндээс мэдээлэл татаж авах хэсэг нь хаалттай . Ямар шударга бус юм бэ !. Гэвч энэхүү "дутагдал"-аа засах боломж бидний дотор бий. Ингэж чадсан нэг нь ерөнхий мэдлэгийн ертөнцөд нэвтэрч өнгөрснийг алган дээрээ тавьсан мэт уншина.

Тэгвэл ирээдүйг яаж унших вэ. Тэр тухай мэдээлэл энэхүү ертөнцөд байдаг гэж үү.

Тийм л гэж бодохоос өөр арга алга. Тиймгүйсэн бол энэ зөнчид хаанаас тэр мэдээллийг олж авсан байхав. Хөгжлийн тухай онолоор аливаа хөгжил пүрш лугаа адил ороомог хэлбэрээр дүрслэгддэг байна. Нарийн ярьвал ДНК-ийн бүтэц шиг хэлбэртэй. Тодорхой төлөв байдал үргэлж давтагдаж байх боловч тэр нь өмнөх цэг дээрээ биш нэг төвшин ахисан дээд цэг дээр байх жишээтэй. Амьдрал гэдэг маань тэр чигээрээ эцэс төгсгөлгүй хөгжил шүү дээ. Амьдрал=Хөгжил. Энэ томъёотой маргах хүн байна уу. Нэгэнт тэр хөгжил юм бол хөгжлийн төлөв байдалдаа захирагдана. Үүнээс ямар дүгнэлт гарах вэ гэхээр амьдрал гэдэг эмх замбараагүй үзэгдэл биш тодорхой зүй тогтол агуулсан хувьсал гэж үзэж болно. Эндээс нэгэнт тэр тодорхой зүй тогтолтой юм бол түүнийг загварчлан эмх замбараатайгаар удирдаж болно гэсэн мөрдлөгөө шууд гарна. Үүнийг мэдээж бид биш биднийг бүтээгч ертөнцийнхэн хийж байгаа. Тэдэнд ийм боломж байгаа гэдэг нь энгийн логикоор харагдаж байна шүү дээ.

Үүгээр хүмүүн төрөлхтөн бидний амьдрал үнэн чанартаа тодорхой удирдлагатай процесс гэсэн ойлголт үүсэх аж.

Үүүнийг л хүлээн зөвшөөрөх ахул ирээдүйг тольдон үзүүлэгч бивэнгарьдийн учир шалтгаан тодорно.

Биднийг бүтээгч, залан чиглүүлэгч тэр ертөнц бидний амьдралыг урьдчилан "програмчилсан" байдаг ба энэ нь ерөнхий мэдлэгийн орон зайд оршиж хувь заяаны төөрөг, бурхны зурсан зураг гэсэн "ойлголт"-ийг төрүүлнэ. Гэхдээ энэ "алгоритм" нь шугаман бус алхам тутамдаа IF.....THEN .... ELSE .... гэсэн логик холбоостой учир хүмүүс бидэнд үргэлж сонголтийг өгч байдаг. Энэ сонголт бидэнд хувь тавилангаа өөрчлөх боломж олгоно. Хувь хүний энэ "жижиг" алгоритм хүн төрөлхтөн бидний "томхон" алгоритмийн нэг хэсэг болно. Хоорондоо дээрх сонголтын нөхцлөөр холбоотой. Цааш энэхүү "томхон" алгоритм нь Орчлон ертөнцийн "том" алгоритмийн нэг хэсэг гэж төсөөлж болно. Үүнээс цаашаа бол бүү мэд ээ.
Гэхдээ энэ эцэс төгсгөлгүй эмх замбараагүй юм шиг байдал эцэстээ эмх цэгцийг агуулна. Тодорхой жишээ бидний амьдралд бий. Усны молекуль маш чөлөөтэй ямар ч эмх замбараагүй үсчиж байдаг боловч аяганд хийсэн ус халгиж цалгиад хөдлөөд байдаггүй шүү дээ. Усны молекулийг бид эмх цэгцтэй жагсааж чадахгүй ч усыг бид ямар л бол ямар хэлбэрт оруулж чадна. Бидний ирээдүй чухамхүү энэ л зарчмаар бичигддэг байх. Ө.х эмх замбараагүйгээс бүтэх эмх замбарааг удирдах маягаар.

Ингээд бодохоор "тэд" ирээдүйг төлөвлөн програмчилж болох бөгөөд ерөнхий мэдлэгийн орон зайд нэвтрэгчид чухамхүү үүнийг л уншиж бидэнд хэлж өгдөг ажээ.

Wednesday, April 9, 2008

Хөөрхөн үлгэр

Нэгэн арал дээр уйтгар гуниг, баяр баясгалан, атаархал, хайр гээд хүний зан чанарууд аж төрдөг байжээ. Гэтэл нэгэн өдөр арал шатаж тэд бүгд амь амиа бодон арлаас зугатацгааж гэнэ. Харамсалтай нь хөөрхий хайр сэтгэлд л завь олдсонгүй. Хайр усанд живэх шахан сэлж явахдаа уйтгар гунигтай таарч түүнээс завиндаа суулгахыг гуйсан ч гуниг би гунигтай байгаа болохоор ганцаараа баймаар байна гэжээ. Баяр баясгалан- Чи миний баяр жаргалтай мөчийг үгүй хийчихнэ гээд бас л авсангүй. Атаархал - Хайр сэтгэлд хүмүүс тэмүүлдэгт нь үргэлж атаархдаг байсан тул мөн л авахаас татгалзав. Харин нэгэн өвгөн түүнийг завиндаа суулган эрэгт хүргэж өгч гэнэ. Хайр түүнд талархаад хэн гэдгийг нь асуувал "цаг хугацаа" гэж хариулжээ. Зөвхөн цаг хугацаа л хайр ямар агуу болохыг мэддэг аж !.

Monday, April 7, 2008

Ирээдүй бичигдсэн байдаг гэх юм

Үнэн болов уу. Яаж амьдраад, хаагуур хаагуур манаргаж, хаана яаж мажийх маань биднийг төрөхөөс өмнө шийдэгдчихсэн байдаг гэж үү. Тийм бол аймаар л юм. Зурсан зураг, хувь тавилан, заяа төөргийг чинь үзээд хараад, хэлээд өгье гэсэн "сервис"-үүд энд тэндгүй. Үнэн худлыг нь мэдэхгүй ч хэлсэн ярьсан нь яг таг таарсан тухай ярихыг бид хангалттай сонсдог. Хамгийн алдартай зөгнөгчид болох Нострадам, Ванга нарын бичиж, зөгнөж үлдээсэн нь бараг 100 хувь таарч байгааг баримттай нь уншаад гайхахаас өөр хэлэх үг олдохгүй юм.
Энэ бүхэн юу вэ?
Үнэхээр оюун санааны буюу сүнсний ертөнц оршин тогтноод тэр нь материаллаг ертөнцдөө нөлөөлж түүнийгээ залж удирдаж байдаг гэдэг нь үнэн гэж үү. Тэр ертөнцөд хэн нэг "нөхөр" ирээдүйг програмчлаад сууж байдаг юм уу. Үгүй бол дээрх нөхдүүд хаанаас тийм "нарийн" мэдээллийг олж уншина вэ.

Онолын тайлбар

Ерэн хэдэн онд юмуу да. Орчин үеийн шинжлэх ухааны бүх салбарын хамгийн шилдэг гэсэн эрдэмтэд чуулсан байх юм. Ганцхан асуултанд хариулт өгөх зорилготой. Орчлон ертөнц юунаас бүтдэг юм бэ? гэж. Маргаж маргаж эцсийн дүндээ нэгэн зүйл дээр санал нэгдэн тогтсон байх юм. Энэ нь юу вэ гэхээр энэ орчлон 3 зүйлээс бүтэж байна аа. Үүнд:

1. Махбодь
2. Эрчим хүч
3. Онч дохио

Эхний 2 бол ойлгомжтой. Орчин үеийн шинжлэх ухаанд тодорхой болсон зүйл. Орчлон ертөнц нь махбодиос /Менделеевийн үелэх систем дэх элементүүд/ бүтэх бөгөөд түүнийг хөдөлгөөнд оруулагч эрчим хүчтэй байна. Ертөнцийг бүрдүүлэгч эгэл хэсэг атомын бүтцээс маш тодорхой харж болно. Харин 3 дахь нь юу вэ? Онч дохионы ертөнц гэдэг ийм юм байдаг энэ байна гээд харуулах шууд баримт мэдээж байхгүй. Гэвч шууд бус дам баримтууд үй түмээрээ байдаг байна. Тодорхой жишээг нь хэлье л дэ. Хүн !!! Хүн яаж бий болдог вэ. Эр эм 2 эс нийлж нэгэн цул эсийг үүсгэдэг. Цаашаа процесс маш энгийн. Зөвхөн эс хуваагдан үржих зарчмаар л явна. Анхны нэг эс хоёр болж хуваагдаад 2 нь цаашаа 4, 4 нь 8 гэх мэтчилэн хуваагдан үржсээр эцэстэй хүн хэмээх төгс амьтаныг үүсгэдэг байна. Гэхдээ энэ хуваагдах процесс маш нарийн дэс дараатай яг л нэг "нөхөр" удирдаад байгаа юм шиг эмх цэгцтэй, алдаа мадаггүй явагддаг гэнэ. Тэгвэл тэр эсэд аль чиглэлд яаж хуваагдахыг "хэн" зааж өгөөд байна. Эсийн бүтэц ДНК-д энэ мэдээлэл хадгалагддаг гэж таамаглаж байгаа ч тэгвэл тэр мэдээллийг "хэн" түүнд өгдөг байхав? Үүнийг орчин үеийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй. Учир нь орчин үеийн шинжлэх ухаан зөвхөн нүдэнд харагдаж, гарт баригдах баримт нотолгоог л үндэс болгодог. Гэтэл мэдээллийг өгөөд байгаа "хэн" гуайг энэ байна гээд үзүүлэх бодит баримт хэзээ ч олдохгүй. Учир нь бидний амьдарч буй материаллаг ертөнцөд тэр нь байхгүй шүү дээ. Бодоод үз л дэ бид оюун ухаант хүмүүс гэж өөрсдийгөө ярьдаг. Оюун ухаантай гэдгээ мэддэг. Тэгвэл тэр оюун ухаан чинь энэ байна аа гээд харуулах юм байна уу. Ер нь байж болох уу?
Харин энэ мэт шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй байгаа асуудлыг шашны үүднээс тун энгийнээр тайлбарладаг. Ингээд бодохоор орчлон ертөнцийн мөн чанарыг танин мэдэхдээ шинжлэх ухаан махбодь, эрчим хүч гэсэн эхний хоёр харектеристикийг үндэс болгодог бөгөөд шашин гурав дахийг буюу оюун санаа, сүнс гэсэн ойлголтыг тулгуур болгодог байна. Угаасаа 3-н характеристикаар тодорхойлогдох ёстой юмыг хоёр юмуу нэгээр нь тодорхойлох гэж оролдох нь утгагүй шүү дээ. Үлгэрлэвээс хайрцагны эзэлхүүнийг олох гэхдээ урт, өргөнийг нь хэмжчихээд өндрийг нь тооцохгүй толгойгоо гашилгаж суугаатай ялгаа юун. Иймээс л шинжлэх ухаан хөгжихийн хирээр маш олон чиглэлд мухардмал байдалд орж шашин хөгжихийн хирээр материаллаг ертөнцөөс тасарч "үлгэр" шинжийг олжээ.
Энэ байдлыг олж харсан бидний үеийн эрдэмтэн мэргэд маань шинжлэх ухааныг мухардмал байдлаас гаргахын тулд гуравдагч харатеристикийг оруулж ирэх нь зөв хэмээн үзэж орчлон ертөнцийн эмх замбарааг хадгалан чиглүүлэгч онч дохионы ертөнц оршин байна гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Иймээс сүүлийн үед сүнс судлал, хий ертөнц буюу нарийн энерги судлал, оюун судлалын салбаруудыг эрчимтэй хөгжүүлж байна.

За үндсэн сэдвээсээ жаахан хазайчихлаа. Хэлэх гэсэн гол санаа бол онч дохионы ертөнц буюу оюун санаа, сүнсний ертөнц оршин тогнож байна аа гэдэгт бид эргэлзээд байх шаардлагагүй болжээ. Энэ ертөнцийг бид олж харахгүй ч гэсэн төсөөлж, дотоод сэтгэлдээ мэдэрч чадна. Учир нь энэ ертөнцөөс мэдээлэл хүлээн авагч "антени" буюу зөн билгийн мэдрэхүй /6 дахь мэдрэхүй/ бид бүгдэд бий. Харамсалтай нь энэ мэдрэхүйг бид "унтаа" хэлбэрт нь байлгасаар насыг элээдэг. Шашны ном судруудад чухам энэ л мэдрэхүйг сэрээж "албадан" ажиллагаанд оруулахыг сургадаг бөгөөд ингэж сэрээх тодорхой дасгал бүхэл бүтэн систем бий. Гэхдээ энэ "антени" тийм ч амархан ажиллагаанд ордоггүй бөгөөд бие сэтгэхүйн маш их тэвчээр, зөв дасгал, уйгагүй оролдлогын эцэст ажиллаж эхэлдэг байна. Ингэж энэ "антени" -аа ажилд оруулсан хүнийг гэгээнтэн, хутагт хэмээмой.

Харин энэ мэдрэхүй нь цаанаасаа шууд ажиллагаатай өгөгдөх, золгүй тохиолдол буюу онцгой их сэтгэлийн хөөрөл эсвэл зүгээр байж байгаа л гэнэт ажиллагаанд орсон хүмүүс байх бөгөөд бид тэднийг далдыг харагчид гэж нэрлэнэ. Энэ "антени" нь хэр зэрэг ажиллагаатай гэдгээр эдгээр далдыг харагчид эрэмбэлэгдэх бөгөөд бүрэн ажиллагаанд орсон нь агуу зөнч, шидийг үзүүлэгч гэгээнтэн, хагас бурхан болон тодордог байна. Учир нь оюун санааны ертөнц гэдэг нь нарийн энергийн хэлбэрт орших орчлон ертөнцийн бүхий л үеийн мэдлэг, мэдээллийн агуу их сан хөмрөг юм. Энэ мэдээллийн ертөнцөд хүн төрөлхтөний үе үеийн туршид олж цуглуулсан бүх мэдлэг, мэдээлэл төдийгүй өөр бусад соёл иргэншлүүдийн шилдэг мэдлэгүүд ч бий. / Хязгааргүй энэ орчлонд хүмүүс бид л оюун ухаант амьтад, зөвхөн дэлхий дээр л соёл иргэншил бий гэж бодох нь инээдтэй шүү дээ/. Иймээс хүлээн авагч "антени" -нь бүрэн ажиллагаанд орсон хүн л энэ мэдээллийн далайгаас хүссэнээ уншиж ингэснээр бүхнийг мэдэгч төгс мэдлэгтэн, өнгөрсөн ба ирээдүйг нэвт тольдогч нэгэн болдог ажээ.

Thursday, March 27, 2008

Бурхдын тухай 2 үг

Есүс, Будда, Мухамед за цаашилбал Моесей, Баптист, Константин, Петр, Майдар, Намсрай, Доржшүгдэн /бодвол Абдул, Рахман гээ л байдаг биз/ гэх мэт тоймгүй олон бурхдыг алийг хэлж барахав. Эднээс арай багцаатай эхний 3-ийн тухай авч үзье. Ертөнцийн эзний хүү Есүс, Ялж төгс нөхчсөн Бурхан Будда, Аллах тэнгэрийн хүү Мухамед. Аль нь хүчтэй юм бол ? Чухамхүү энэ асуултанд нь хариу өгөх гэж хүн төрөлхтөн үндсэднээ гурван бүлэг, цаашаа задран гуч дөч бүр гурав дөрвөн зуун /магадгүй гурав дөрвөн мянга байх/ бүлэг болон хуваагдаж бие биенээ алж устгасаар... Библийн сударт бусдыг энэрэн хайрлах тухай л сургасан байх юм. Буддийн сургааль ч ялгаагүй бүр хорхой шавжийг хүртэл энэрэн нигүүлсэх учиртайг номлоно. Коран сударт ч гэсэн энэрч нигүүлсэхүйн тухай номлож хүн алахыг дээдийн нүгэлд тооцсон байдаг гэнэ. Би уншиж үзээгүй ч жинхэнэ мусальман /хаж гэж нэрлэх. миний ойлгосноор сахил хүртсэн аллах тэнгэрийн үнэн сүсэгтэн хүн юм уу да/ хүний амнаас сонсож байсан юм. Ийм байхад энэ учир утгагүй аллага юуунаас үүднэ вэ. Ганцхан хариулт л байх шиг. Бурхдад биш зөвхөн хүнд л орших мунхаг харанхуй сэтгэл !!!. Ариун судрынхаа учир шалтгааныг бүрэн ойлгоогүй за бараг ойлгохыг ч хүсээгүй байх өөрийнхөө өчүүхэн хүсэл зоригийг бурхдын нэрийн өмнөөс гүйцэлдүүлэх гэсэн атгаг санаа л энэ бүхний эхлэл байсан болов уу. Хүмүүний сэтгэл оюунд багтамгүй бузар үйлдэл бүгд л бурхны нэрийг барин хийгдсэн байдаг одоо ч хийгдэж л байна. Яагаад
Хүн төрөлхтнийг оюун сэтгэхүйн хувьд 3 хуваасан эдгээр үндсэн гурван шашны үзэл баримтлал нь нэг зүйл дээр эцсийн дүндээ нэгдэж түүнийгээ л гурван талаас тайлбарласан байх юм. Энэ нь бол "хайр". Гэхдээ энэ нь эр эмийн хоорондох хайраас илүү өргөн хүрээтэй энэ орчлонг юутай хээтэй нь бүхэлд нь хайрлах тэр агуу хайр юм. Үүнийг л дээрх гурван бурхад бишрэн тунхаглаж, дотоод бие сэтгэлдээ бадраан асаах тухай номложээ. Энэ бол яах аргагүй дээдийн дээд номлол мөн. Гэтэл энэхүү номлолыг нь хүлээн авсан хөөрхий хүмүүн төрөлхтөн бид түүнийг нь яаж завхруулна вэ. Бурхад тэнгэрт оршоод маниусийгаа тольдож суудаг юм гэсэн. Энэ байдлыг маань хараад тэд л лав тайван сууж чадахгүй л байгаа байх да. Баргар царай гарган энэ завхралыг яаж засаж залруулах тухай шүүн хэлэлцэж суугаа гэдэгт би л лав итгэлтэй байна. Учир нь хүн төрөлхтөн технологийн дээд эрэмбэд авирч цөмийн хүчийг эзэмшин генетикийн нууцад нэвтэрч өөрөө өөрсдийгөө бүтээж бурхдыг орлох хэмжээнд дөхөж очсон байна. Энэ нь мэдээж өөрсдийгөө устгах нууцыг хамт нээж өгсөн нь дамжиггүй. Иймээс одоо гарах дэлхийг хамарсан дайн өмнөхүүдээсээ шал өөр байх бөгөөд төгсгөл нь хүн төрөлхтний мөхөл байх болно. Ийм байхад тэд яаж тайван суухав. Нэг юм бодож л байгаа да !

Wednesday, March 26, 2008

Төрийн албыг намын харъяаллаас гаргах юм гэнэ

Ингэхдээ төрийн албан хаагч намын харъяалалгүй байхаар хуульчлан баталж өгөх юм гэнэ. Уг нь санаа нь зөв даан ч арга нь үнэхээр ядмаг юм. Бүгдийг хүчээр шийдэх гэсэн коммунист хийрхэлийн л нэг. Хэрэгжвэл бөөн холион бантан л болоод дуусна. Нарийн ярьвал хүнийг шашин шүтлэг, үзэл бодол, итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн үндсэн хуулийн тулгуур зарчимтай ч зөрчилдөж эхэлнэ. Асуудлын гол нь төрийн албан хаагч аль нэг намын гишүүн байгаадаа биш юм шүү дэ. Төрийн албанд хүн шударгаар ажиллаж хамгийн гол нь ДЭС ДАРААТАЙ ахиж дэвших систем байхгүйд учир нь байгаа юм. Арван жил төрд алба хашсан төрийн албаны зэрэг дэвээр тодорхой шатуудыг дамжсан хүн байлаа гэхэд хаа байсан гудамжинд тэнэж явсан нөхрийг даргаар нь тавьчихаар чинь ямар олиг байхав дэ. Нөгөөх нь ядаж байхад А гэхээр Б гээд тэмээ гэхээр ямаа гээд нөгөө ажлыг нь сүйрүүлж өгөхийг нь яана. Хувийн компани байсан бол аль хэдийн дампуурч сөнөхөөр үйл ажиллагаа явуулна шүү дээ. Аргагүй л төрийн алба амь бөхтэй эд болохоор Улс нь гэж нэг юм оршин тогтноод байгаа цагт сөнөчихгүй байж байх тавилантай аж. Харин Төрийн алба дампуурч сөнөхөд Улс орон оршин тогтнох уу. Төрийн алба гэдэг нэг талаар цэрэгжсэн алба шүү дэ. Тэр чанарыг нь товойлгож хуульчлан тунхаглаж өгөх хэрэгтэй. Цэрэг хүн тогтсон дэс дараагаар цол ахидаг шиг Төрийн албан хаагчийг яг л ингэж дэс дараатай дэвшүүлдэг мехнизмыг л бүрдүүлэх хэрэгтэй. Баахан хурандаа, хошууч нарыг нэг байлдагч ирээд "дэглээд" байвал ямар санагдах уу. Дээр нь бас сайд, дарга гээд нэг нөхөр ирээд бүтцийн өөрчлөлт нэрийн дор хоморголон халж чаддаггүй болгох хэрэгтэй. Яг үнэндээ одоогийн Төрийн албанын тухай хуулиар төрийн албан хаагч барагтай бол халагдахгүй байх баталгаатай. Үгүй ядаж шат дараалсан арга хэмжээ авахуулж байж халагдах дүрэмтэй. Хуулиар ингээд хамгаалагдаад халж болохгүй болохоор бүтцийн өөрчлөлт нэрийн дор л халж байна. Харъяалагдаж байсан Төрийн албаны бүтэц, албан тушаалыг чинь үгүй хийчихээр чи хэн болж байна. Хэн ч биш л болдог байхгүй юу. Тэгээд дээрээс нь яг л тэр бүтцийг, яг тэр албан тушаалтай нь өөр нэр өгөөд байгуулахыг яана. Угаасаа Төрийн албаны үүрэг функц тэр бүр устаж алга болдгүй учир тийм бүтэц, тийм албан тушаал байхаас өөр аргагүй шүү дээ. Ингээд шинэ нэртэй хуучин бүтэцдээ баахан шинэ хүн аваад хуучин хүмүүсээс зарим нэг нь үлдэх боловч ихэнх нь өргөдлөө өгөөд гарахаас өөр арга үлдэхгүй. Аргагүйшт хашиж байсан албан тушаалыг нь байхгүй болгочихож байгаам чинь. Хуулийг гууль болгож байгаа иймэрхүү асуудлыг барьж авч шийдэхээс биш юун тэр намын харъяалал энэ тэр вээ. Албан хаагчдыг нь намын харъяаллаас гаргалаа гээд Төрийн алба сайжраад явчдаг бол үлгэр зүгээр. Харин төрийн албыг дампууруулж байгаа дээрх асуудлуудыг шийдчихвэл Төрийн алба цэгцэрч Төр өөрөө хүчтэй болж төрийн албан хаагч намын гишүүн байх нь өөрт нь дарамт үүсгэх тул аяндаа алга болох асуудал. Хүнийг үзэл бодлоор нь ялгаварлаж болохгүй. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг нь ч хааж болохгүй. Асуудлын өнгөн талыг нь маажих биш үндэсийг нь ухаад шийдээд өгөөч.

Нам бол төрийн улаан булан мөн! гэж манай айхтар коммунист удирдагч маань хэлсэн шиг билээ. Тэр хүн хүртэл ингэж бодож явсан байхад одоо энэ байгаа байдал юу вэ.

Төр одоо намын ямар "булан" нь болчоод байгаан !!!. Айн.

Tuesday, March 25, 2008

Мулдашев Мулдашев Мулдашев

Орчлонг үзэх үзлийг чинь орвонгоор нь эргүүлээд өгөх ном доо харин ч. Сүүлрүүгээ фантааз нь жаахан дэндээд үлгэр тал руугаа ороод байгаам шиг санагдаад байгаа. Гэхдээ л "сүүпэр" ном. Анхны дэвтрийг нь уншчаад агуйд очиж суумаар санагдаж байж билээ. Би энэ номноос олон асуултандаа хариу авсан бөгөөд мөн түүнээсээ даруй хэд дахин олон асуулттай үлдэж билээ. Олоод уншчихад гэмгүй шүү нөхдөө.

Тэлж буй хорвоогийн гүн ухаан

Энэ хорвоо чинь тэлж байгаа гэнээ. Цагт ерэн мянган километрийн хурдтайгаар төвөөсөө зугатаж байгаа юм гэнэ. Дууны хурднаас даруй хэд дахин хурдтай л сүнгэнэж байгаан байх. 15 тэрбум жилийн тэртээ огторгуйд их тэсрэлт болж түүнээс эхлээд мэдээж баахан галт бөмбөлгүүд үүсэж цацагдана биз дэ. Тэгээд тэд нараас царцаж хөлдсөн нь гариг эрхэс болж арай царцаагүй байгаа нь нар буюу од болчоод байгаан байна. Мэдээж ингэж цацагдаж тэсэрсэн юм хэзээ нэг цагт төвөөс зугатах энерги нь барагдаж зогсоноо до. Тэхээрээ яах вэ гэхээр буцаад үнэмлэхүй хурдтайгаар хумигддаг байна. Ингэж хумигдахдаа төсөөлшгүй цул биет болон нэгддэг бөгөөд ийм биет мэдээж хязгааргүй татах хүчтэй байх нь ойлгомжтой тул хавь орчнийхоо хамаг юмыг өөртөө нэгтгэж хумьдаг байна. Ингээд энэ хумигдсан биет хангалттай хэмжээний масстай болохоороо буцааж тэсрэх урвалыг үзүүлдэг гэнэ. Хэт нягтарсан төвд тэмүүлэх хүч эргээд төвөөс зугатах хүч болон хувирч байгаа нь тэр. Ингэж хумигдаж байгаа биетийг мэргэжлийн хэлээр нь "хар нүх" гэдэг бөгөөд сансар огторгуйг тандагчид нилээд хэдийг олоод бүртгэчиж. Сонин юм шүү. Их тэсрэлтийн онол гэгдсэн энэхүү онолд итгэхгүй байхын арга алга даа. Манай дэлхийн доторх чинь тэр аяараа гал биз дэ. Хэзээ нэг цагт нар шиг галт бөмбөлөг байсны ул мөр биш гэж үү. Нээрээ сониноос саяхан нэг ламхай хар нохойн ам гээ л ярьж байна шүү зурагтаар. Хар нохойн ам гэдэг чинь нэг тийм маш их сөрөг энергитэй цул хар юм байдаг. Дуранбайгаар харагддаг ч гэх шиг. Манай дэлхийд хамгийн ойрхон байгаа хар нүхийг хэлээд байгаан биш үү л гэж бодогдож байлаа. Хязгааргүй татах хүчийг агуулагч ийм биет үнэмлэхүй сөрөг энергитэй байх нь ойлгомжтой. Соронзонгийн хасах туйл нь татаж нэмэх туйл нь түлхдэг шүү дээ. Тэхээр хар нохойн ам гэдэг нь иймэрхүү л юмыг хэлээд байгаан байна. Шинжлэх ухаанд хамгийн ойрхон шашин бол буддийн шашин гэж аль тэртээ Эйнштэйн гуайн хэлснийг гэнэт санав. Ингээд бодохоор шашныг үгүйсгээд байх утгагүй юм да.