Wednesday, March 26, 2008

Төрийн албыг намын харъяаллаас гаргах юм гэнэ

Ингэхдээ төрийн албан хаагч намын харъяалалгүй байхаар хуульчлан баталж өгөх юм гэнэ. Уг нь санаа нь зөв даан ч арга нь үнэхээр ядмаг юм. Бүгдийг хүчээр шийдэх гэсэн коммунист хийрхэлийн л нэг. Хэрэгжвэл бөөн холион бантан л болоод дуусна. Нарийн ярьвал хүнийг шашин шүтлэг, үзэл бодол, итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн үндсэн хуулийн тулгуур зарчимтай ч зөрчилдөж эхэлнэ. Асуудлын гол нь төрийн албан хаагч аль нэг намын гишүүн байгаадаа биш юм шүү дэ. Төрийн албанд хүн шударгаар ажиллаж хамгийн гол нь ДЭС ДАРААТАЙ ахиж дэвших систем байхгүйд учир нь байгаа юм. Арван жил төрд алба хашсан төрийн албаны зэрэг дэвээр тодорхой шатуудыг дамжсан хүн байлаа гэхэд хаа байсан гудамжинд тэнэж явсан нөхрийг даргаар нь тавьчихаар чинь ямар олиг байхав дэ. Нөгөөх нь ядаж байхад А гэхээр Б гээд тэмээ гэхээр ямаа гээд нөгөө ажлыг нь сүйрүүлж өгөхийг нь яана. Хувийн компани байсан бол аль хэдийн дампуурч сөнөхөөр үйл ажиллагаа явуулна шүү дээ. Аргагүй л төрийн алба амь бөхтэй эд болохоор Улс нь гэж нэг юм оршин тогтноод байгаа цагт сөнөчихгүй байж байх тавилантай аж. Харин Төрийн алба дампуурч сөнөхөд Улс орон оршин тогтнох уу. Төрийн алба гэдэг нэг талаар цэрэгжсэн алба шүү дэ. Тэр чанарыг нь товойлгож хуульчлан тунхаглаж өгөх хэрэгтэй. Цэрэг хүн тогтсон дэс дараагаар цол ахидаг шиг Төрийн албан хаагчийг яг л ингэж дэс дараатай дэвшүүлдэг мехнизмыг л бүрдүүлэх хэрэгтэй. Баахан хурандаа, хошууч нарыг нэг байлдагч ирээд "дэглээд" байвал ямар санагдах уу. Дээр нь бас сайд, дарга гээд нэг нөхөр ирээд бүтцийн өөрчлөлт нэрийн дор хоморголон халж чаддаггүй болгох хэрэгтэй. Яг үнэндээ одоогийн Төрийн албанын тухай хуулиар төрийн албан хаагч барагтай бол халагдахгүй байх баталгаатай. Үгүй ядаж шат дараалсан арга хэмжээ авахуулж байж халагдах дүрэмтэй. Хуулиар ингээд хамгаалагдаад халж болохгүй болохоор бүтцийн өөрчлөлт нэрийн дор л халж байна. Харъяалагдаж байсан Төрийн албаны бүтэц, албан тушаалыг чинь үгүй хийчихээр чи хэн болж байна. Хэн ч биш л болдог байхгүй юу. Тэгээд дээрээс нь яг л тэр бүтцийг, яг тэр албан тушаалтай нь өөр нэр өгөөд байгуулахыг яана. Угаасаа Төрийн албаны үүрэг функц тэр бүр устаж алга болдгүй учир тийм бүтэц, тийм албан тушаал байхаас өөр аргагүй шүү дээ. Ингээд шинэ нэртэй хуучин бүтэцдээ баахан шинэ хүн аваад хуучин хүмүүсээс зарим нэг нь үлдэх боловч ихэнх нь өргөдлөө өгөөд гарахаас өөр арга үлдэхгүй. Аргагүйшт хашиж байсан албан тушаалыг нь байхгүй болгочихож байгаам чинь. Хуулийг гууль болгож байгаа иймэрхүү асуудлыг барьж авч шийдэхээс биш юун тэр намын харъяалал энэ тэр вээ. Албан хаагчдыг нь намын харъяаллаас гаргалаа гээд Төрийн алба сайжраад явчдаг бол үлгэр зүгээр. Харин төрийн албыг дампууруулж байгаа дээрх асуудлуудыг шийдчихвэл Төрийн алба цэгцэрч Төр өөрөө хүчтэй болж төрийн албан хаагч намын гишүүн байх нь өөрт нь дарамт үүсгэх тул аяндаа алга болох асуудал. Хүнийг үзэл бодлоор нь ялгаварлаж болохгүй. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг нь ч хааж болохгүй. Асуудлын өнгөн талыг нь маажих биш үндэсийг нь ухаад шийдээд өгөөч.

Нам бол төрийн улаан булан мөн! гэж манай айхтар коммунист удирдагч маань хэлсэн шиг билээ. Тэр хүн хүртэл ингэж бодож явсан байхад одоо энэ байгаа байдал юу вэ.

Төр одоо намын ямар "булан" нь болчоод байгаан !!!. Айн.

1 comment:

Anonymous said...

Хэзээ нэг Монгол Улс маань "Замбараатай Улс" болох юм бол доо.